2020/07/01

ТА НАР ҮЙЛ ХЭРГЭЭ АНХААРАХ УЧИРТАЙ

  Амьдрал дахь үйлдэл болон үйл хэргээс чинь харахад, та нарыг бүгдийг нь өдөр бүр хэсэг үгээр хангаж, дүүргэх хэрэгтэй байдаг, учир нь та нар хэтэрхий дутуу дулимаг агаад та нарын мэдлэг болон ойлгох чадвар хэтэрхий хомс билээ. Өдөр тутмын амьдралдаа та нар үнэнгүй, эсвэл эрүүл саруул ухаангүй орчин, нөхцөлд амьдардаг. Та нарт оршин тогтнох хөрөнгө дутдаг ба Намайг юм уу үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр, эсвэл бүхэлдээ хоосон сургаалд үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын үйл хөдлөлийг ажиглаж, санаа зорилго, ёрын муу үр жимсийг чинь шинжилж байдаг. Хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр зүрх сэтгэл болон сүнсээ үнэхээр тавьсан нэгнийг Би ер олоогүй. Иймд Би илэрхийлэхийг хүссэн бүх үгээ ийм хүн төрөлхтөнд хий дэмий цутгахыг хүсэхгүй байна. Би дуусгаагүй ажлаа дуусгаж, Өөрийн хараахан авраагүй хүн төрөлхтнийг аврахаар зүрх сэтгэлдээ төлөвлөж байна. Гэсэн хэдий ч, Миний авралыг болон Миний үгийн хүнд хайрладаг үнэнийг Намайг дагадаг бүхэн хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи харанхуй үүл тэнгэрийг бүрхсэн, орь дуу хэзээ ч тасардаггүй баргар хүйтэн ертөнцийг бус, харин агаар нь анхилуун үнэр дүүрсэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна.


   Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг Тэр авч үздэг, үүний зэрэгцээ тэдний маргаашийн төлөө бэлдэж байдаг. Энэ бол бүх амьд хүний алхах ёстой, бүгдэд зориулж Миний урьдчилан тогтоосон зам юм. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, бас хэн ч үүнээс ангид байхгүй. Би тоо томшгүй олон үг хэлсэн, цаашлаад олон тооны ажил хийсэн. Хүн болгон өөрийнхөө уг чанар ба үүний хөгжлийн дагуу хийх зүйлээ аяндаа хийж байгааг Би өдөр бүр хардаг. Олон хүн өөрийн мэдэлгүйгээр аль хэдийн “зөв замд” орсон бөгөөд энэ зөв замыг Би төрөл бүрийн хүнийг илчлэхийн тулд тогтоосон юм. Би төрөл бүрийн хүнийг аль хэдийн өөр өөр орчинд байрлуулж, тэд өөрсдийнхөө байранд дор бүрнээ төрөлх шинж чанараа илэрхийлсээр байна. Тэднийг хүлж баглах хэн ч байхгүй, тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд тэр аяараа эрх чөлөөтэй байдаг бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэднийг хянадаг цорын ганц зүйл байдаг нь Миний үг юм. Иймээс зарим хүн үхлээс зайлсхийх гэсэндээ л Миний үгийг дуртай дургүй уншдаг боловч хэзээ ч хэрэгжүүлдэггүй; нөгөөтээгүүр, өөрсдийг нь хангаж, залж чиглүүлэх Миний үг байхгүй бол өдөр хоногийг өнгөрөөх нь зарим хүний хувьд хэцүү байдаг, иймээс тэд аяндаа Миний үгийг цаг үргэлжид баримталдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд, хүний амьдралын нууц, хүн төрөлхтний хүрэх газар болон хүн байхын үнэ цэнийг олж нээдэг. Миний үгийн өмнө хүн төрөлхтөн үүнээс цаашгүй бөгөөд Би хэрэг явдал бүхнийг зүгээр л жам ёсоор нь явуулдаг. Би, үгийг минь оршин тогтнолынхоо үндэс болгон, дагаж мөрдөн амьдар гэж хүнийг албадсан ямар ч зүйл хийдэггүй. Иймд, хэзээ ч мөс чанартай, оршин тогтнох үнэ цэнтэй байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиглаж байгаад дараа нь Миний үгийг эрэлхгээр хөсөр хаяж, өөрсдийнхөө дураар хийдэг. Тэд үнэнээс болон Надаас ирдэг бүхнээс залхаж эхэлдэг. Түүнчлэн тэд Миний гэрт байхаас залхдаг. Энэ хүмүүс үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрэх газрынхаа төлөө, мөн шийтгэлээс мултрахын тулд л Миний гэрт түр байрладаг. Гэвч тэдний санаа зорилго хэзээ ч өөрчлөгддөггүй, үйлдэл нь ч гэсэн өөрчлөгддөггүй. Энэ нь тэдний ерөөл хүсэх хүслийг, мөн хаанчлалд нэг л ороод тэндээ үүрд үлдэх болон мөнхийн диваажинд орох хүслийг нь хүртэл бадраадаг. Тэд Миний өдрийг аль болох хурдан ирээсэй гэж хүсэх тусмаа үнэн тэдний замд саад, тээг болж байгааг улам их мэдэрдэг. Тэд үнэнийг эрэлхийлэх юм уу шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт бялдуучлан байрлаж, Миний тушааснаар хийх шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үүрд эдлэхийн тулд хаанчлалд хөл тавихаа тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс үнэнийг эрж хайдаг зүрх сэтгэлээ хангах гэж, Миний удирдлагатай хамт ажиллах гэж Миний гэрт ордоггүй. Тэд зүгээр л дараагийн эрин үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорьдог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болох, үнэнийг яаж хүлээн зөвшөөрөхийг хэзээ ч мэддэгүй. Энэ бол эдгээр хүмүүс үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, өөрсдөө асар гүн ялзарсан гэдгээ мэдэлгүйгээр Миний гэрт эцсээ хүртэл “зарц” болон байрласны шалтгаан юм. Тэд Миний өдөр ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээж, Миний ажлын хэв маягт цуцалтгүйгээр ийш тийш шидэгдэж байдаг. Тэд хэчнээн их хүчин чармайлт гаргаж, ямар төлөөс төлсөн нь хамаагүй, тэднийг үнэний төлөө зовсон, Миний төлөө золиосолсон гэж хэн ч хараагүй. Хуучин эрин үеийг төгсгөл болгох өдрийг минь тэд зүрх сэтгэлдээ хүлээж тэсдэггүй, түүнчлэн тэд Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг асар их хүсдэг. Тэдний хийх гэж хэзээ ч яараагүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж, үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэд Миний залхдаг зүйлийг хайрлаж, Миний хайрладаг зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсдэгийн зэрэгцээ Миний жигшдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцөд амьдардаг атлаа үүнийг хэзээ ч үзэн яддаггүй бөгөөд Намайг үүнийг нь устгах вий гэхээс маш их айдаг. Тэдний агуулдаг санаа зорилго зөрчилдөөнтэй байдаг: Миний жигшдэг энэ ертөнц тэдэнд таалагддаг боловч үүнтэй зэрэгцэн Намайг удахгүй энэ ертөнцийг устгаасай гэж тэд хүсэн эрмэлздэг. Ийм маягаар тэд үнэн замаас хазайхаасаа өмнө сүйрлийн зовлонгоос ангижирч, дараагийн эрин үеийн эзэд болон хувирах юм. Учир нь тэд үнэнийг хайрладаггүй агаад Надаас ирдэг бүхнээс залхсан байдаг. Тэд ерөөлийг алдахгүйн тулд хэсэг зуур “дуулгавартай хүмүүс” болж магадгүй боловч, тэдний ерөөлд шунадаг сэтгэхүй болон шатаж байгаа галт нуурт орж, мөхөхөөс айх айдас хэзээ ч балрахгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл байнга эрчээ авсаар байдаг. Гамшиг агуу их байх тусам тэднийг улам арга мухардуулдаг бөгөөд Намайг баярлуулж, удаан хүлээсэн ерөөлөө алдахаас зайлсхийхийн тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй болгодог. Миний гар ажлаа хийж эхэлмэгц энэ хүмүүс манлайлагч болох гэж оволзож байдаг. Тэд Миний нүдэнд өртөхгүй байх вий гэж гүнээ айн, жагсаалын тэргүүн эгнээнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хэзээ ч үнэнтэй хамаагүй байсан гэдгийг огт мэдэлгүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж, хийдэг бөгөөд ердөө л Миний төлөвлөгөөг үймүүлж, саад болж байдаг. Тэд асар их хүчин чармайлт гаргасан, хүнд бэрхийг туулах шийдэмгий зан болон санаа зорилго нь үнэнч байж болох ч тэдний хийдэг бүхэн Надтай ямар ч хамаагүй, учир нь тэдний үйлдэл сайн санааны үүднээс гарч байхыг Би хэзээ ч хараагүй, тэр ч байтугай тэд Миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг Би хараагүй. Энэ олон жилийн турш Миний өмнө тэдний хийсэн зүйл энэ билээ.

   Эхэндээ Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий цэвдэг, хайхрамжгүй байсан тул болих хэрэгтэй болсон; Би хүчин чармайлтаа дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс үгийг минь баримтлах атлаа бүх талаар Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйл хийж байгааг харахыг ч хүсдэггүй. Би хандлага, хүн чанараас чинь болж, та нарт маш чухал үгийн багахан хэсгийг л хүн төрөлхтний дундах Өөрийн туршилт болгон өгдөг. Одоо л Би гаргасан шийдвэр, төлөвлөгөө минь та нарын хэрэгцээнд нийцсэн байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталж байна. Миний өмнө үйлдсэн та нарын олон жилийн үйлдэл, урьд нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Энэ хариултын асуудал нь энэ: “Хүн үнэний болоод жинхэнэ Бурханы өмнө ямар хандлагатай байдаг вэ?” Хүнд зарцуулсан Миний хүчин чармайлт нь хүнийг хайрлах мөн чанарыг минь баталдаг бөгөөд Миний өмнө хүний хийсэн бүхэн үнэнийг үзэн ядаж, Надтай дайсагнадаг мөн чанарыг нь бас баталсан. Намайг дагасан бүхэнд Би цаг үргэлж санаа тавьдаг боловч Намайг дагадаг хүмүүс Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Миний өгсөн аливаа зөвлөгөөг хүлээн авч огт чаддаггүй. Юу юунаас илүүтэй энэ л Намайг гуниглуулдаг. Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үг зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадахгүй, түүнчлэн хэн ч Намайг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний даалгасан ажлыг хүн бүр санаандаа нийцүүлэн хийхээр хичээдэг; тэд Миний санаа зорилгыг эрж хайдаггүй, өөрсдөөс нь юу шаардаж байгааг минь бүр ч асуудаггүй. Тэд Миний эсрэг тэрсэлдэг хэрнээ Надад үнэнчээр үйлчилдэг гэж хэлсээр байдаг. Өөрсдийнх нь хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй, хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн итгэдэг. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ Би тэгээд хүмүүсийн амаараа л Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн нэгэн болдог төдийгүй үнэн, зам, амь биш, харин гаднын хүн гэж тооцогддог. Хэн ч энэ учрыг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгээс үүдэн аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

No comments:

Post a Comment