Эрин үеүдийн туршид олон хүн энэ дэлхийгээс гансрал гутралтайгаар, дурамжханаар одсон, мөн олон хүн найдвар, итгэлтэйгээр энэ дэлхийд ирсэн. Би олон хүний ирэхийг зохицуулж, олон хүнийг явуулсан. Тоо томшгүй олон хүн Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдсан, олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч өнөөдөр хаанчлалын ерөөлийг эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн боловч тэр жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт түүнийг Миний бүх эд баялгийг эдлэх боломжгүй болгож орхисон. Түүнд зөвхөн харах зол завшаан байснаас биш, хэзээ ч бүрэн эдлэх боломжтой байгаагүй. Хүн тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж нээгээгүй, тэгээд Миний хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүнийг Миний Сүнстэй холбодог чухам тэр эрхтэн нь түүний сүнс биш гэж үү? Яагаад хүн хэзээ ч сүнсээрээ Надтай холбогдоогүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надад ойртож ирдэг мөртөө сүнсээрээ ойртох чадваргүй байдаг юм бэ? Миний жинхэнэ нүүр царай махбодынх уу? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ямар нэг ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд ордоггүй бол Миний санаа зорилгыг хэрхэн ухаарч чадах юм бэ? Хүний нүдээр бол, сүнсний ертөнцөд шууд нэвтэрч чадах ямар нэг зүйл бий юу? Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч Би өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих нь гэсэн их айдастайгаар хүн Намайг холоос ажиглаж, Надаар хутгалуулсан мэт аашилдаг. Би хүний сүнсийг шинжилж шалгасан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн айдаг. Тиймээс тэр, сайтар хаасан хүйтэн хаалга харуулаад л Намайг гадаа үлдээсэн. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайрыг үл тоомсорлон, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хэнэггүй амьтан. Хэдийгээр Миний тэврэлтэд дулаацдаг ч тэр үүнд хэзээ ч уярч байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны аюулыг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас л Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм
Миний үг биелэгдэхэд газар дээр хаанчлал аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн ордог, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард энгийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс баргар, золгүй хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнх нь хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо больно. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү? Өнөөдөр төлж буй төлөөсийнхөө үрээр та нар ирээдүйн ерөөлийг өвлөн авч, Миний алдрын дунд амьдарна. Та нар Миний Сүнсний мөн чанартай холбогдохыг бас л хүсэхгүй байна уу? Та нар өөрсдийгөө хөнөөхийг хүссээр байна уу? Хүмүүс зуурдынх ч байсан өөрсдийн харж чадах амлалтуудын хойноос хөөцөлдөхийг хүсдэг, гэхдээ хэн ч үүрд мөнхөд байдаг маргаашийн амлалтуудыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хүнд харагддаг зүйлс нь Миний устгах зүйлс бөгөөд хүний мэдэрдэггүй зүйлс нь Миний хийж гүйцэтгэх зүйлс юм. Энэ бол Бурхан, хүн хоёрын ялгаа билээ.
Хүн Миний өдрийг тоолсон ч яг тодорхой огноог хэн ч, хэзээ ч мэдээгүй, тиймээс хүн зөвхөн мэгдэж хөшсөн байдал дунд амьдардаг. Хүний хүсэл тэмүүлэл хязгааргүй тэнгэр даяар цуурайтдаг, тэгээд алга болдог учраас хүн итгэл найдвараа ахин дахин алдаж, тэгснээр одоогийн нөхцөл байдалдаа буусан. Миний айлдваруудын зорилго бол хүнийг огноогоор хөөцөлдүүлэх биш, мөн цөхрөлийнх нь улмаас түүнийг сүйрэл рүү нь хөтлөх явдал ч биш юм. Би Өөрийнхөө амлалтыг хүнээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг бөгөөд бүх дэлхий даяарх хүмүүс Миний амлалтыг хуваалцаасай гэж хүсдэг. Би амийн эрч хүчээр дүүрэн амьд амьтдыг хүсэж байгаа болохоос биш, үхэл нэвчсэн цогцоснуудыг хүсээгүй. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээж авахыг газар дээрх бүх хүнд тушаана. Миний өмнө ямар ч бохир бузар зүйл байхыг Би зөвшөөрөхгүй. Миний ажилд ямар ч хүн хөндлөнгөөс оролцохыг Би тэвчихгүй; Миний ажилд саад учруулсан бүхэн газар доорх гяндан руу хаягдах ба суллагдсаныхаа дараа ч гай гамшигт автсан хэвээр байж, газрын төөнөсөн галыг хүлээн авна. Өөрийн махбод болсон биедээ Намайг байхад махбод дахь Миний ажлыг шүүмжилж маргадаг хэн ч Надад жигшигдэнэ. Газар дээр хамаатан садангүй гэдгээ Би бүх хүнд сануулсан удаа олон бөгөөд Намайг өөрсөдтэйгээ эн тэнцүү мэт үзэж, өнгөрсөн үеийн талаар хамтдаа дурсаж болно гэж Намайг өөрсөд рүүгээ чангаасан хэн ч сүйрэлд өртөнө. Миний тушаадаг зүйл бол энэ юм. Ийм асуудалд Би хүнд өчүүхэн төдий ч хүлээцтэй хандахгүй. Миний ажилд хөндлөнгөөс оролцож, Надад зөвлөгөө өгдөг бүх хүн Надаар гэсгээгдэх бөгөөд хэзээ ч уучлагдахгүй. Хэрвээ Би илэн далангүй ярихгүй бол хүн хэзээ ч сэхээрэхгүй бөгөөд өөрийн мэдэлгүйгээр Миний гэсгээлтэд унана—учир нь хүн махбод дахь Намайг мэддэггүй билээ.
1992 оны 3 дугаар сарын 20
Цааш нь унших:ХОРЬДУГААР БҮЛЭГ
No comments:
Post a Comment