Хэрвээ чи Бурханаар ашиглагдахад тохирсон байхыг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой; өмнө нь Түүний хийсэн (Шинэ болон Хуучин Гэрээний) ажлыг мэдэх ёстой ба цаашлаад Түүний өнөөдрийн ажлыг мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханы 6,000 жилийн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой. Хэрвээ чамаас сайн мэдээг түгээхийг гуйвал Бурханы ажлыг мэдэхгүйгээр чи үүнийг хийж чадахгүй байх болно. Библи болон Хуучин Гэрээний талаар, мөн Есүсийн тухайн үеийн ажил болон үгийн талаар Бурхан юу хэлсэн тухай хэн нэгэн чамаас асууж магад юм. Хэрвээ чи тэдэнд Библийн дотоод түүхийн тухай ярьж чадахгүй бол тэд итгэхгүй. Эхэн үедээ Есүс Өөрийн шавь нарт Хуучин Гэрээний талаар маш ихийг ярьсан. Тэдний уншсан бүхэн нь Хуучин Гэрээнийх байсан; Шинэ Гэрээ нь ердөө Есүсийг цовдлогдсоноос хойш хэдэн арван жилийн дараа бичигдсэн юм. Сайн мэдээ түгээхийн тулд та нар үндсэндээ Библийн дотоод үнэнийг, Израиль дахь Бурханы ажлыг, өөрөөр хэлбэл, Еховагийн хийсэн ажлыг ойлгох ёстой. Мөн түүнчлэн та нар Есүсийн хийсэн ажлыг ойлгох учиртай. Эдгээр нь бүх хүний хамгийн их анхаардаг асуудлууд бөгөөд ажлын тэрхүү хоёр үе шатны дотоод түүх бол тэдний сонсоогүй зүйл юм. Сайн мэдээг түгээхдээ, эхлээд өнөөдрийн Ариун Сүнсний ажлын тухай яриаг хойш тавь. Ажлын энэ үе шат нь тэдний түвшнээс давсан, учир нь та нарын эрэлхийлдэг зүйл бол хамгийн өндөр дээд зүйл билээ: Бурханы тухай мэдлэг болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэг, энэ хоёроос илүү агуу зүйл гэж үгүй. Хэрвээ та нар эхлээд өндөр дээд зүйлийн талаар ярих юм бол энэ нь тэдний хувьд хэтэрхий их байх болно, учир нь Ариун Сүнсний тийм ажлыг хэн ч туулж байгаагүй; өмнө нь ийм ажил тохиолдож байгаагүй ба үүнийг хүн хүлээн зөвшөөрөхөд амархан биш байдаг. Тэдний туршлага нь Ариун Сүнсний зарим нэг тохиолдлын ажлыг агуулсан өнгөрсөн үеийн хуучин зүйл байдаг. Тэдний туулдаг зүйл нь өнөөдрийн Ариун Сүнсний ажил биш, эсвэл өнөөдрийн Бурханы хүсэл биш юм. Тэд ямар ч шинэ гэрэлгүйгээр, эсвэл шинэ зүйлгүйгээр хуучин ёс заншлын дагуу үйлдсээр байдаг.
Есүсийн эрин үед Ариун Сүнс Өөрийн ажлыг ихэвчлэн Есүсийн дотор хийсэн байхад сүмд тахилчийн өмсгөл өмсөн Еховад үйлчилж байсан хүмүүс гуйвшгүй үнэнч сэтгэлтэйгээр үүнийгээ хийсэн. Тэдэнд ч бас Ариун Сүнсний ажил байсан боловч Бурханы өнөөгийн хүслийг ухаарах чадваргүй байсан ба хуучин хэрэгжүүлэлтийн дагуу, шинэ удирдамжгүйгээр зүгээр л Еховад үнэнч хэвээр үлдсэн. Есүс ирж, шинэ ажил авчирсан. Сүмд үйлчилж байсан тэр хүмүүст шинэ удирдамж байгаагүй, шинэ ажил ч байгаагүй. Сүмд үйлчлэнгээ тэд зүгээр л хуучин хэрэгжүүлэлтийг баримталж байсан; сүмийг орхихгүйгээр тэд шинэ оролттой байж чадахгүй байв. Есүс шинэ ажлыг авчирсан ба Өөрийн ажлыг хийхийн тулд сүм рүү яваагүй. Тэр зөвхөн сүмийн гадна Өөрийн ажлыг хийсэн, учир нь Бурханы ажлын цар хүрээ хэдийнээ өөрчлөгдсөн байлаа. Тэр сүм дотор ажиллахаа больсон ба тэнд Түүнд үйлчлэх үедээ хүн аливаа зүйлийг байгаагаар нь л байлгаж байсан бөгөөд ямар ч шинэ ажлыг бий болгож чадахгүй. Үүний адилаар, өнөөдрийн шашны хүмүүс одоо ч Библийг шүтдэг. Хэрвээ чи тэдэнд сайн мэдээ түгээвэл тэд Библийн талаар чамтай маргалдах болно; хэрвээ тэднийг Библийн талаар ярихад чи хэлэх үггүй болж, юу ч хэлж чадахгүй байвал тэд та нарыг өөрсдийн итгэл бишрэлийн хувьд тэнэг гэж бодно. “Та нар Бурханы үг болох Библийг ч мэддэггүй, тэгээд Бурханд итгэдэг гэж яаж хэлж чадаж байна аа?” гэж тэд хэлнэ. Тэгээд тэд чамайг үл тоож, “Та нарын итгэдэг Нэгэн чинь Бурхан юм бол яагаад Тэр та нарт Хуучин болон Шинэ Гэрээний талаар бүгдийг хэлээгүй юм бэ? Нэгэнт Тэр Өөрийн алдрыг Израилиас Зүүн зүгт авчирсан юм бол яагаад Тэр Израильд хийгдсэн ажлыг мэддэггүй юм бэ? Тэр яагаад Есүсийн ажлыг мэддэггүй юм бэ? Хэрвээ та нар мэдэхгүй бол Тэр та нарт хэлээгүй гэдгийг энэ нь баталж байна; Тэр хоёр дахь удаа бие махбодтой болсон Есүс юм бол яагаад эдгээр зүйлийг мэддэггүй юм бэ? Есүс Еховагийн хийсэн ажлыг мэдэж байсан; Тэр яагаад мэддэггүй юм бэ?” хэмээн бас асуух болно. Цаг нь ирэх үед тэд чамаас ийм асуултууд асууна. Тэдний толгой ийм зүйлсээр дүүрэн байдаг; тэд асуухгүй байж яаж чадах юм бэ? Энэ урсгал дотор байгаа хүмүүс Библид анхаарлаа төвлөрүүлэхээ больсон, учир нь та нар өнөөдөр Бурханы алхам алхмаар хийсэн ажилтай мөр зэрэгцэн явсан, та нар энэ шат дараалсан ажлыг өөрсдийн нүдээр харсан, та нар ажлын гурван үе шатыг тодорхой харсан, иймээс та нар Библийг доош тавьж, үүнийг судлахаа болих хэрэгтэй болсон. Гэхдээ тэд үүнийг судлахгүй байж чадахгүй, учир нь тэдэнд энэхүү шат дараалсан ажлын тухай мэдлэг байхгүй. Зарим хүн, “Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид, элч нарын хийсэн ажлын хоорондох ялгаа юу вэ? Давидыг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан ба Есүс ч мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэднийг адилхан нэрлэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж чи яагаад хэлдэг вэ? Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан, энэ нь мөн Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэхийг зорьсон үгийг тэр хэлэх чадвартай байлаа; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар Есүсийнхээс өөр вэ?” гэж асуух болно. Есүсийн хэлсэн үг Бурханыг бүрэн төлөөлж чадаж байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байв. Иохан, Петр, Паул нар олон үг хэлсэн, Есүсийн хэлсэн үг бас олон байсан, гэхдээ тэдний ялгамж чанар яагаад ялгаатай байдаг юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгч зөгнөл хэлсэн, эсвэл зөгнөлийн ном бичсэн. Хэн ч тэднийг Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг ажиллаж эхэлмэгц Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэж гэрчилсэн. Яагаад тэр вэ? Одоо чи аль хэдийн мэдчихсэн байх ёстой! Өмнө нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Дараа нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзэж, заримыг нь муу гэж үздэг вэ? Яагаад заримыг нь сонгож, бусдыг нь сонгоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс тэдгээрийг шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг болон Түүний хийсэн ажлын бүртгэл яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрд өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг бичсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүн, “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба хийсэн ажил нь зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзэлтэй холилдсон, тэгвэл Таны (Бурханы) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзлийг агуулдаггүй юу?” хэмээн асуух болно. Бурханы хийдэг ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчийн хийснээс шал өөр юм. Ялгамж чанар нь ялгаатайгаар үл барам үндсэндээ, хийсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасныхаа дараа ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд тэр илгээгдсэн нэгэн болсон юм. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул, Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийнхөө ажилд өөр хэнийг ч биш харин Бурханы Сүнсийг төлөөлж байлаа. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Тэр хүнээр төгс болгуулах хэрэггүй байсан бөгөөд Түүний ажил ямар ч хүний сургаал дээр тулгуурлан хэрэгжээгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн хувийн дадлага туршлагыг ярьснаар удирдаагүй, харин үүний оронд Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе, үхлийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үе… Энэ бүх ажил өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй бөгөөд хүний дадлага туршлага биш харин өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгээс аль нь хүний дадлага туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирээгүй, Сүнснээс гараагүй гэж үү? Чиний хэв чанар маш дорд учраас л чи нэвт ойлгох чадваргүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодитой зам нь замчлахын төлөө байдаг бөгөөд өмнө нь хэн ч ярьж байгаагүй, мөн хэн ч энэ замыг хэзээ нэгэн цагт туулж байгаагүй, эсвэл энэ бодит байдлын талаар өөр мэдэх хүн байхгүй. Намайг эдгээр үгийг хэлэхээс өмнө хэн ч, хэзээ ч үүнийг ярьж байгаагүй. Хэн ч хэзээ ч ийм дадлага туршлагын талаар яриагүй, мөн тэд хэзээ ч ийм нарийн учрыг яриагүй, цаашлаад эдгээр зүйлийг илчлэхийн тулд хэн ч хэзээ ч тийм байдлыг зааж үзүүлээгүй. Миний өнөөдрийн замчилж байгаа энэ замаар хэн ч, хэзээ ч замчлаагүй ба хэрвээ хүн замчилж байсан бол энэ нь шинэ зам биш байх байсан юм. Жишээлбэл Паул, Петр хоёрыг аваад үз. Есүсийг явсан энэ замаар замчлахаас өмнө тэдэнд хувийн туршлага гэж байгаагүй. Зөвхөн Есүс энэ замаар явсны дараа л тэд Есүийн хэлсэн үг болон, Түүний явсан замыг мэдэрч туулсан; үүнээс тэд олон дадлага туршлага олж авсан ба захидлууд бичсэн. Иймээс хүний дадлага туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзэл болон дадлага туршлагаар тодорхойлогддог мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар явж, шинэ ажил хийж байгаа бөгөөд Миний ажил, айлдвар Иохан болон бусад бүх эш үзүүлэгчдийнхээс өөр гэж Би ахин дахин хэлсэн. Би хэзээ ч, эхэлж дадлага туршлага олж аваад, дараа нь түүнийгээ та нарт ярьж байгаагүй—хэзээ ч ийм байгаагүй. Хэрвээ ийм байсан бол тэр нь та нарыг аль хэдийн удаашруулчих байсан биш үү? Өмнө нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг өндөр байсан боловч тэдний бүх үг сүнслэг хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүсийн үгэн дээр л үндэслэн яригдсан. Тэд замыг залж чиглүүлээгүй, харин энэ нь тэдний дадлага туршлагаас, харсан зүйлээс нь, мэдлэгээс нь гарч ирсэн. Зарим нь тэдний үзэл байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн туршлага байсан юм. Өнөөдөр Миний ажлын шинж чанар тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас Би бусдаар төгс болгуулахыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад Миний ярьсан, нөхөрлөсөн бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран, та нарын ажил Миний хэлсэн үгийн үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр айлдвар болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе…) мэдрэх чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах юм бэ? Чи үнэхээр үүнийг тодорхой харах чадваргүй юу? Ажлын аль үе шат байх нь хамаагүй, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу нөхөрлөл хийж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Өнөөдрийг хүртэл ирчихээд чи тийм энгийн, тодорхой асуултыг ойлгох чадваргүй байсаар л байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн энэ нь ямар нэг сүнслэг хүнийхийг ч үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд цаашлаад Есүсийн хэлж байсан ихэнх үг ч гэсэн хүчингүй болсон. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд энэ нь биеэ даасан ажил юм; Миний хийдэг ажил болон Миний хэлдэг үг бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Тухайн үед Есүсийн ажил нь мөн ийм байсан. Түүний ажил ч бас сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба энэ нь Фарисайчуудын ажлаас ч бас ялгаатай байсан, мөн энэ нь Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс шийдэж зүрхлээгүй: “Үүнийг үнэхээр Бурхан хийсэн үү?” Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; хүнийг сургахаар ирэх үедээ Түүний хэлсэн бүхэн нь шинэ байсан бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүнээс болж хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Хүнтэй харьцахад маш түвэгтэй болгосон зүйл нь энэ юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө та нарын дийлэнхийн алхсан зам нь, урьдын сүнслэг хүмүүсийн суурин дээр хэрэгжүүлж орох явдал байсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил ихээхэн ялгаатай ба иймээс та нар энэ нь зөв үү, эсвэл буруу юу гэдгийг шийдэж чадахгүй байгаа. Чи өмнө нь ямар замаар явсныг Би анхаарахгүй, мөн хэний хоолыг идсэнийг чинь, эсвэл хэнийг “эцгээ” болгосныг чинь ч Би сонирхохгүй. Нэгэнт Би ирж, хүнийг залж чиглүүлэх шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүхэн Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Чиний төрсөн “гэр бүл” хэчнээн хүч чадалтай байх нь хамаагүй чи Намайг дагах ёстой, чи өөрийн хуучин заншлын дагуу үйлдэх ёсгүй, чамайг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба чи өөрийн хүртэх ёстой ноогдол хувийг эрж хайхын тулд өөрийн Бурханы өмнө очих ёстой. Чиний бүх юм Миний гарт байгаа ба чи үрчилсэн эцэгтээ хэтэрхий их сохроор итгэх ёсгүй; тэр чамайг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил нь биеэ даасан ажил билээ. Өнөөдөр Миний хэлдэг бүхэн өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь гарцаагүй; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ чи, энэ нь хүний гараар бүтээгдсэн гэж хэлдэг бол аврагдахын аргагүй үнэхээр сохор хүн юм!
Исаиа, Езекиел, Мосе, Давид, Абрахам, Даниел нар нь Израилийн сонгогдсон хүмүүсийн дундах удирдагчид буюу эш үзүүлэгчид байсан. Яагаад тэд Бурхан гэж нэрлэгдээгүй вэ? Яагаад Ариун Сүнс тэдэнд гэрчлэл хийгээгүй вэ? Есүсийг ажлаа эхэлж, Өөрийн үгийг хэлж эхлэнгүүт нь Ариун Сүнс яагаад Есүст гэрчлэл хийсэн бэ? Яагаад Ариун Сүнс бусдад нь гэрчлэл хийгээгүй вэ? Махан биетэй байсан тэр хүмүүс бүгд “Эзэн” гэж нэрлэгдэж байсан. Тэд юу гэж нэрлэгдэж байснаас үл хамааран тэдний ажил нь өөрсдийнх нь оршихуй болон мөн чанарыг төлөөлж байсан ба тэдний оршихуй болон мөн чанар нь тэдний ялгамж чанарыг төлөөлж байв. Тэднийн эршил нь тэдний мөн чанартай хамаагүй байсан; харин тэдний илэрхийлж байсан зүйл болон амьдран харуулж байсан зүйл мөн чанарыг нь төлөөлдөг байв. Хуучин Гэрээнд Эзэн гэж дуудуулах нь маш энгийн зүйл байсан ба хүн юу ч гэж дуудуулж болно, гэхдээ түүний мөн чанар болон төрөлхийн ялгамж чанар нь хувиршгүй байсан. Тэрхүү хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, хууран мэхлэгчдийн дунд “Бурхан” гэж дуудуулдаг хүмүүс ч бас байгаагүй гэж үү? Тэгвэл яагаад тэд Бурхан биш юм бэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй юм. Угтаа тэд бол хүн, хүмүүсийг мэхлэгчид болохоос Бурхан биш, иймээс тэдэнд Бурханы ялгамж чанар байдаггүй. Давид ч гэсэн арван хоёр овгийн дунд Эзэн гэж нэрлэгддэг байгаагүй гэж үү? Есүс ч бас Эзэн гэж нэрлэгддэг байсан; яагаад Есүс ганцаараа бие махбодтой болсон Бурхан гэж нэрлэгдсэн бэ? Иеремиа ч бас хүний Хүү гэж нэрлэгдсэн биш гэж үү? Есүс ч гэсэн хүний Хүү хэмээн нэрлэгдээгүй гэж үү? Яагаад Есүс Бурханыг төлөөлж цовдлогдсон бэ? Энэ нь Түүний мөн чанар өөр байснаас болоогүй гэж үү? Түүний хийсэн ажил өөр байснаас болоогүй гэж үү? Алдар цол хамаатай гэж үү? Хэдийгээр Есүс бас хүний Хүү гэж нэрлэгдэж байсан боловч Тэр бол анх удаа бие махбодтой болсон Бурхан байсан, Тэрээр эрх мэдэл эзэмшиж, золин авралын ажлыг гүйцэтгэхийн тулд ирсэн. Есүсийн ялгамж чанар болон мөн чанар нь хүний Хүү хэмээн нэрлэгдэж байсан бусад хүмүүсийнхээс өөр байсан гэдгийг энэ нь баталдаг. Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нараас хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан, тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; ингэвэл зөв юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй. “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй юу?” гэж мэдлэггүй олон хүн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс нь харалган бөгөөд мэдлэггүй юм! Та нар Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл болон хэлсэн үгний талаар тэд юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номны зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг хэвийн байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байна вэ? Хүн эдгээрийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү? Хэрвээ чамаас Бурханд гэрчлэл хийхийг хүсвэл чи ямар гэрчлэл хийж чадах вэ? Бурханыг ингэж мэдэх нь Бурханд гэрчлэл хийж чадах уу? Хэрвээ бусад хүмүүс чамаас, “Иохан, Лук нарын тэмдэглэл нь хүний хүсэлтэй холилдсон юм бол та нарын Бурханы хэлсэн үг хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуувал чи тодорхой хариулт өгч чадах уу? Лук, Матай нар Есүсийн үгийг сонсож, Есүсийн ажлыг харсныхаа дараа өөрсдийн мэдлэгийн тухай ярьж, Есүсийн хийсэн ажлын үнэнийг дурсамж маягаар тоочин. Тэдний мэдлэг нь бүхэлдээ Ариун Сүнсээр илчлэгдсэн гэж чи хэлж чадах уу? Библиэс гадна, тэднээс илүү өндөр мэдлэгтэй олон сүнслэг хүн байсан; яагаад тэдний үгийг дараагийн үеийнхэн нь авч үзээгүй вэ? Тэд ч бас Ариун Сүнсээр ашиглагдаагүй гэж үү? Өнөөдрийн ажилд Би Есүсийн ажлын суурин дээр үндэслэн Өөрийн үзэл бодлыг яриагүй, мөн Есүсийн ажлын цаад шалтгаантай харьцуулан Өөрийн хувийн мэдлэгийг яриагүй гэдгийг мэдэж ав. Есүс тэр үед ямар ажил хийсэн бэ? Тэгвэл Би өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Миний хийж, хэлж байгаа зүйл урьд нь тохиолдож байгаагүй. Өнөөдөр Миний алхаж байгаа замаар өмнө нь хэзээ ч хүн явж байгаагүй, өнгөрсөн эрин үеийн хүмүүс хэзээ ч алхаж байгаагүй. Өнөөдөр энэ нь нээгдсэн ба энэ нь Сүнсний ажил биш гэж үү? Хэдий энэ нь Ариун Сүнсний ажил байсан ч, өнгөрсөн үеийн удирдагчид бүгдээрээ бусдын тавьсан суурин дээр өөрсдийн ажлыг биелүүлсэн; гэхдээ Бурханы Өөрийн ажил бол өөр. Есүсийн ажлын үе шат ч бас адилхан байсан: Тэр шинэ замыг нээсэн юм. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлосон ба хүн гэмшиж, улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлсэн. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэрт дээш гарсны дараа, цовдлолын замыг түгээхийн тулд Сүнс тэднийг илгээсэн. Хэдийгээр Паулын үг нь гүн байсан ч тэдгээр нь мөн л Есүсийн хэлсэн зүйлийн суурин дээр үндэслэж байв. Жишээ нь, тэвчээр, хайр, зовлонг туулах, толгойгоо бүтээх, баптисм хүртэх, эсвэл дагах ёстой бусад номлол гэх мэт нь Есүсийн үгэнд суурилж байлаа. Тэд шинэ замыг нээх чадваргүй байв, учир нь тэд бүгдээрээ Бурханаар ашиглагдаж байсан хүмүүс юм.
No comments:
Post a Comment