Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага вэ? Одоо ч гэсэн хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болох ба энэ бүхэн нь, хүмүүс Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүйгээс болдог. Миний яриад байгаа хүний ажил бол мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил юм. Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор байгаа элчүүд, ажилчид болон эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд, хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ мөн боловч тэдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба цар хүрээтэй адилгүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.
Ариун Сүнсний урсгал дахь ажил Бурханы Өөрийнх нь ажил, эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм. Харин зүгээр л Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөрөөр нэрлэгддэг билээ. Гэхдээ Тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй холилдсон байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай, шууд илэрхийлэл ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Тухайн ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг бөгөөд ажлын өөр өөр мөн чанарыг дамжуулдаг. Өөр өөр эрин үе дэх ажил, мөн өөр өөр улс орон дахь ажил ч бас ялгаатай байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс хэдий олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг боловч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар төрлийн хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр байдаг ба янз бүрийн хүмүүс дээр Түүний хийдэг ажил нь бүгд зарчимтай, бүгд ажлын объектын мөн чанарыг төлөөлж чаддаг. Үүний учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд тухайн ажил нь ч бас хүмүүсийн ялгаатай хэв чанараас хамааран янз бүр байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд Бурханы махбод болсон биед Тэр, хүмүүс дээр хийгддэгтэй адил ажлыг хийдэггүй. Нэг үгээр хэлбэл, Тэр хэрхэн ажилладаг нь хамаагүй, өөр өөр объектууд дээр хийгдэж байгаа ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байдал болон уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс янз бүрийн хүмүүс дээр төрөлх мөн чанарт нь тулгуурлан ажилладаг ба төрөлх мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, мөн тэдний бодит хэв чанараас нь хэтрүүлэн тэдэн дээр ажилладаггүй. Тэгэхээр, Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажил нь хүмүүст, Ариун Сүнсний хийж байгаа ажлын объектын мөн чанарыг олж харах боломжийг олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; анхдагч хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг ч бай, эсвэл хүмүүс дээр ажилладаг ч бай, тухайн ажил үргэлж хүмүүсийн хэв чанарын хязгаарын дагуу байдаг, ингэснээр хүмүүс үр өгөөжийг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билиг, анхдагч хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг. Ариун Сүнсний тоолж барамгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулахад чиглэж байдаг. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад зарим нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэстээ таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил нь хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг боловч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрэн төгс болгуулна гэсэн үг биш, учир нь олон хүний замнасан зам төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний зөвхөн нэг талын ажил байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа юм уу зөв эрэл хайгуул байдаггүй. Ийм маягаар энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчлэх ажил болдог. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж, эсвэл өөрсдөө шууд хүрч чадахгүй. Энэ нь зөвхөн ажиллах авьяас билигтэй хүмүүсийн тусламжаар илэрхийлэгдэх боломжтой ба Ариун Сүнсний ажил нь хүмүүсийн илэрхийллээр дамжин дагалдагчдад өгөгддөг гэсэн үг юм.
Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр байдаг. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон өөр төрлийн хүмүүсээр дамжин гүйцэлддэг ба зөвхөн тодорхой нэг хүнээр биелж, тодорхой нэг хүнээр дамжин бүрэн ойлгомжтой болох аргагүй. Чуулгануудыг удирдаж буй хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим нэг удирдах ажлыг хийж чадна. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил, мөн Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Энэ гурвын дотроос, Бурханы Өөрийн ажил нь бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагагчдыг удирдан чиглүүлэх явдал бөгөөд энэ хүмүүс нь Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах, өөрөөр хэлбэл, бүхий л удирдлага болоод Өөрийн гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгоход оршдог. Энэ гурван хэсэг нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын бүх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажилтай холбоотой ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний бүх ажлын хөдөлгөөн болон чиг хандлагыг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа үргэлжилдэг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажиллах чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд удирдлагын ажилтай огтхон ч холбогдохгүй. Бурханы Өөрийн ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Бурханы Өөрийн ажил, хүний ажил хоёрын аль аль нь Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн хоорондоо тодорхой, мөн чанарын ялгаатай байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ нь адил бус байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.
Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний үзсэн зүйл, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл нь бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага өөрийнх нь ажлыг илүү сайн төлөөлж чадах ба хүний туулсан зүйлс өөрийнх нь ажлын бүрэлдэхүүн хэсэг болох болно. Хүний ажил өөрийнх нь туршлагыг илэрхийлж чадна. Зарим хүн идэвхгүй байдалд туршлагажиж байх үед тэдний ихэнх нөхөрлөл сөрөг элементүүдээс бүрддэг. Хэрэв хэсэг хугацааны туршлага нь эерэг агаад тэд ялангуяа эерэг талын зам мөртэй бол тэдний нөхөрлөдөг зүйлс нь маш их урам зориг хайрласан байх ба хүмүүс тэднээс эерэг хангамжийг олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол түүний нөхөрлөл үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Энэ төрлийн нөхөрлөл нь доройтуулдаг бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад хүмүүс өөрийн эрхгүй хямардаг. Дагалдагчдын байдал удирдагчийнхаас хамаарч өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгдөж байдаг. Тэр хүний туршлагын дагуу ажилладаг, хүнийг хүчилдэггүй боловч өөрийнх нь туршлагын хэвийн үйл явцын дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болон зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах, хүн дээр ажиллах юм уу, эсвэл бие махбодтой болсон Бурхан ажиллах нь хамаагүй, ажиллаж байгаа хүн үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол ч бай, эсвэл үзэл ч бай, эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ, эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл, өөрийнх нь дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хэн нэгэн гэсгээлт, шүүлтийн тухай өөрийн ойлголтын талаар нөхөрлөсөн боловч чамд энэ талаарх туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай энэ талаар зуун хувь итгэлтэй байж чадахгүй. Үүний учир нь түүний нөхөрлөж байгаа зүйл бол чиний хэзээ ч туулж байгаагүй зүйл, огт мэддэггүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи зөвхөн шүүлт, гэсгээлттэй холбоотой хожмын замыг түүний мэдлэгээс авах боломжтой. Гэхдээ энэ зам нь хоосон номлолд тулгуурласан ойлголт л болж чадах ба чиний туршлагыг байтугай ойлголтыг чинь ч орлож чадахгүй. Магадгүй чи түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж бодож болох ч туршлагажих үедээ чи, энэ нь олон зүйл дээр биелшгүй болохыг мэдэж авна. Магадгүй чи сонсож буй зарим мэдлэгээ огт биелшгүй гэж үздэг; тухайн үедээ чи энэ талаар үзэлтэй болж, үүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн дуртай дургүй л хийдэг. Харин туулж үзэх аваас чамд үзэл өгдөг мэдлэг нь хэрэгжүүлэлтийн зам чинь болдог. Хэрэгжүүлэх тусам чи түүний үгийн жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Туулж үзсэнийхээ дараа чи туулсан зүйлсийнхээ талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн чи хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодитой, хэнийх нь мэдлэг хоосон номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь бодит туршлага байгаа эсэхээс чинь ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт чиний мэдлэг бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө авч явах мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч хоосон номлол юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үедээ ялган салгаж чаддаггүй. Учир нь энэ хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Чи аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ нь чиний оршихуйгаас гарч байгаа л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон номлолын талаар ярьдаг хүмүүс буюу үнэн болоод бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүллээс ургасан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөрцгүй! Өөр өөр төрлийн хүмүүсийн туршлага нь тэдний доторх зүйлсийг төлөөлдөг. Сүнслэг туршлагагүй бүх хүн үнэний мэдлэгийн талаар, эсвэл янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ярьж чадахгүй. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралтай холбоотой ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар хэр их ярьж чадах вэ? Чуулганыг удирддаг, амиар хүмүүсийг хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой ба сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэмж, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид буюу элч нар байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн энгийн дагалдагч болох ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангах элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь гүйж, тэмцэхэд бус, харин аминд үйлчилж, хүний зан чанарын өөрчлөлтийг удирдахын төлөө байдаг. Энэ нь хүнд бэрх үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэх даалгавар авсан хүмүүсийн гүйцэтгэдэг чиг үүрэг бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Ийм төрлийн ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, гүйдэг, зарцуулахад бэлэн байдаг хэн ч үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засагдаж, шүүгдээгүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй хүмүүс буюу бодит байдалгүй хүмүүс өөрсдөө энэ тал дээр оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харах чадваргүй байдаг. Тиймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр барахгүй удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно. Чиний ярьж байгаа үзэж харсан зүйл чинь амьдралдаа туулсан хэцүү бэрх зовлон хийгээд ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь мөн үнэн байдаг: Тухайн хүний цэвэршүүлэгдсэн зүйл, түүний сул дорой байдаг зүйл нь түүний туулж амссан зүйлс, арга замыг нь олсон зүйлс юм. Жишээлбэл, хэрвээ хүний гэрлэлт бүтэлгүйтсэн бол тэр ихэнхдээ “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрх сэтгэлийн хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, гэрлэлтээ Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Нөхөрлөлөөр дамжуулан хүний доторх бүх зүйл, түүний юу болох нь илэрхийлэгдэх боломжтой. Тухайн хүний ярианы хурд, чанга эсвэл аяархан ярих байдал зэрэг нь туршлагын асуудал биш учраас тэр юу болох болон түүнд юу байгааг төлөөлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн түүний зан араншин болон угийн чанар нь сайн уу, муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй тэнцэж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар, эсвэл ярианы чадвар болон хурд нь дадал зуршлаар бий болох зүйл бөгөөд туршлагыг орлож чадахгүй. Өөрийнхөө туршлагын талаар ярих үедээ чи өөрийнхөө чухалд тооцдог зүйл болоод өөр дотроо байгаа зүйлсийн талаар нөхөрлөдөг. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл нь хүний мэдэрч туулдаг зүйл биш, мөн хүний харж, хүрч чадах зүйл биш, харин энэ нь Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулсан; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж, шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажил Миний махбодоор хийгдээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд энэ бол Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, мөн хийх учиртай ажлаа хийх эрхтэй. Хүний ярьдаг зүйл бол тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй хэдий ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажил юм.
No comments:
Post a Comment